БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ТҮҮХЭН ТОЙМ

2015-02-25

Сумын түүхийн уг эх. Тус сумын өдгөөгийн нутгийн гуравны хоёр нь Сайн ноён хан аймгийн Эрх гүний хошуунд, гуравны нэг орчим нь Итгэмжит бэйсийн хошуунд харъяалагдаж байжээ. Эрх гүний хошууны гол нутаг нь Баян-Агт сумын нутаг бөгөөд тэгэхдээ Хөвсгөл аймгийн Рашаант сумын зарим нутаг “ Архангай аймгийн Хайрхан сумын нутгийн хагас тус хошуунд орж байсныг дурдалтай. Хошууны төв Балигийн хүрээнд байсан. Сүүлчийн ноён Содномпагмиддоржийн Бэд ноён эцэг гүн Үржинжавын үед тус хошуу нэлээд нэрд гарч, түүхийн баримт сэлтэд олонтай тэмдэглэгдэн үлджээ. 1922 оны тоо бүртгэлээр энэ хошуу 351 өрх, 1381 хүн амтай, үүний 21,7 хувь буюу 301 нь лам хувраг байсан байна. Түүнчлэн тус хошуу 15673 толгой мал тоолуулсны дотор тэмээ 10, адуу 1544, үхэр 2431, хонь, ямаа нийлээд 11688 байсны 4239 толгой мал Балиг Нарангийн хүрээний жасын мэдэлд байжээ. Харин Итгэмжит бэйсийн хошууны гол нутаг нь Булган аймгийн Баян-Агт, Хутаг-Өндөр сумын нутаг юм. Түүнээс гадна энэ хошуунд Хөвсгөл аймгийн Рашаант, Тариалан сумдын зарим нутаг харъяалагдаж байжээ. Хошуу Намнангийн хүрээнд төвлөж байв. Хувьсгалын босгон дээр тус хошуу 1588 өрхтэй, 6619 хүн амтай, 89142 толгой малтай байсан байна. Чингэхлээр өдгөө Баян-Агт сумын харъяалалд байгаа тус хошууны нутгийн хэсэгт чамгүй олон өрх, мал байсан нь тодорхой. Энэ хоёр хошууныхны аж төрөх хэв маяг ерөнхийдөө ижил боловч, бас өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байв. Эрх гүний хошууныхан гол төлөв соргог сайхан бэлчээрт мал сүргээ адуулан амьдрана. Өөрөөр хэлбэл, тэдний амьжиргааны гол хэрэгсэл нь таван хошуу мал байлаа. Харин Итгэмжит бэйсийн хошууны нутгаас эдүгээ Баян-Агтад харъяалагдаж байгаа хэсгийн хүн ам Сэлэнгэ мөрний сав дагуу газар тариалан голлон эрхэлж, амьжиргаагаа залгуулж байв. Голдуу арвай, хар будаа тариална. Тэд хоорондоо мал аж ахуй газар тариалангийн бүтээгдэхүүнээ арилжаалдаг байжээ. 1921 онд үндэсний ардчилсан хувьсгал ялснаар ард олны нийгэм-улс төрийн ухамсар илт сэргэн идэвхжив. 1923 оны сүүлчээр Эрх гүний хошууны ардууд хуралдаж, хошууныхаа нэрийг өөрчлөн Баян-Агт уулын хошуу гэж нэрлэж байх тухай саналыг Монгол ардын Намын Төв Хороонд явуулсан байна. Эл саналыг Намын Төв Хороо дэмжин, 1924 онд Цэцэрлэг мандлын аймгийн Баян-Агт уулын хошууг захирах тамга хэмээх үгтэй тамга тэмдгийг шийтгэн олгосон байна. Энэ үед тус хошуу нь Баян-цагаан агт, Баянзүрх, Баянхайрхан гэсэн гурван суманд хуваагдаж, сум тус бүр арван таван аравтаас бүрдэх болов. “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм” ёсоор хошууны удирдлагыг сонгов. Түүнчлэн тус хошуунд нам, олон нийтийн байгууллагын эх үүсвэр тавигджээ. Тухайлбал: 1923 оны 2-р сарын 9-нд Баян-агт уулын хошуунд намын 20 гаруй гишүүнтэй 54 дүгээр үүрийн байгуулагдан,тус үүрийн дэргэд 21 гишүүнтэй хувьсгалт залуучуудын эвлэл байгуулагдан ажиллаж эхэлжээ. Энэ үед МАХН, Ардын засгаас авс явуулжбуй арга хэмжээ, нам, улс, төрийн бодлого, удирдамж шийдвэрийг орон нутгийн онцлогтой нягт уялдуулан тархай бутархай суудаг олон малчид тариаланчдад ойлгуулах, амьдралд хэрэгжүүлэх ажлыг шинээр байгуулагдсан сумын захиргаа, аравтын дарга нар, нам эвлэлийн байгууллагын идэвхитнүүдтэй хамтран улс төр-Үзэл суртал, зохион байгуулалтын өндөр хэмжээнд явуулж, улс эх орныхоо цэцэглэл мандлын төлөө гуйвалтгүй тэмцэх үзэл санаагаар хүмүүжүүлж байжээ. Баян-Агт сум байгуулагдсан нь 1925 онд Цэцэрлэг мандлын аймгийн Намнан уулын хошууны Баян-цагаан агт, Баянзүрх, Баянхайрхан сумдыг Намнан уулын хошуунд нэгтгэж, Цэцэрлэг мандлын аймгийн Намнан уулын хошууны Баян-Агт сум гэж нэрлэсэнээр өнөөгийн Баян-Агт сум байгуулагджээ. 1924 оны 10-р сарын албан ёсны тоо бүртгэлээр 8 тэмээ, 2478адуу, 5643 үхэр, 21559 хонь, 6191 ямаа, бүгд 35879 толгой малтай байсан нь тус сумын эдийн засгийн үндсэн суурь болж өгчээ. МАХН-ын их хурал орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргажээ. Энэ үндсэн дээр 1931 оны 5-р сарын 27-нд хуралдсан Засгийн газрын хуралдаан уг асуудлыг авч хэлэлцээд, хошууны зохион байгуулалтыг халж, газар нутаг, хүн амыг тэгшитгэн аймаг, сумуудыг байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Ингээд 1930-1931 онд хуучин 5 аймаг, 72 хошуу, 525 сум байсныг 13 аймаг, 325 сум болгон өөрчлөн зохион байгуулав. Энэ зохион байгуулалтаар 1931 онд Баян-Агт сум Цэцэрлэг мандлын аймгийн Намнан уулын хошуунаас тасран шинээр байгуулагдсан Хөвсгөл аймагт шилжсэн байна.1933 оны тоо бүртгэлийн материалаас үзэхэд тус сум 9 баг, 657 өрх, 2146 хүн амтай 58736 толгой малтай байсан бөгөөд үүний дотор тэмээ 15, адуу 5628, үхэр 8448, хонь 43716, ямаа 1229-тэй байжээ. Баян-Агт сум 1938 оны 1-р сард Булган аймаг шинээр байгуулагдахад Хөвсөгл аймгаас тасарч, 9 баг, 724 өрх, 2342 хүн ам, 40581 толгой малтайгаар шилжин ирсэн байна. 1931 онд тогтоосон баг сумын үндсэн хуваарь 1959 он хүртэл үргэлжилжээ. Энэ үед төр засгаас ард түмнийг өргөн хэрэглээний бараа таваараар хангах, эрүүл мэндийг сайжруулах, бичиг үсэгт сургах бүлгэм дугуйлан, баг, дунд сургууль байгуулах зэрэг арга хэмжээ авч байсны гадна, сумын захиргаа нам засгийн бодлого, шийдвэрийг хөдөлмөрчин олон түмэнд гүнзгий ойлгуулах, ялангуяа эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах, сонгууль олон нийтийн ажилд оролцоход нь саад хийх явдалтай тэмцэх, сургуульд явуулах, нийгмийн тустай хөдөлмөрт татан оруулахад нь туслах талаар нилээд анхаарч байсан байна. Тус суманд энэ үеэс эмэгтэйчүүд олон нийтийн ажилд идэвхитэй оролцож, хамтарч концерт жүжиг тоглох, ухуулга яриа хийх зэргээр Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж байлаа. Тус суманд 1923 оноос улсын худалдаа, 1938 оноос эхлэн хүн, мал эмнэлэг бага сургууль зэрэг худалдаа, эрүүл мэнд, соёл боловсролын байгууллага байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Хоршоологдон хөдөлгөөн. Тус суманд 1920-иод оны сүүлчээс хоршооллын тухай үзэл санаа дэлгэрч эхэлжээ. Тухайлбал: Тус сумын ардууд хэд хэдээрээ нийлж жасын малыг гэрээгээр хариулах, хамтрал байгуулах санал гаргаж байжээ. Зүүний нугалаа завхрал гаргагчид тэрхүү санал, санаачилгыг шууд шүүрэн авч, нийт ардуудыг хамтралд хавтгайруулан шахаж оруулах болов. Ингээд 1929 оны сүүлчээр Б.Ламжав даргатай Дэлгэр амны хамтрал, Дашдаваа даргатай Тээгийн дэнжийн хамтрал, С.Ёндон даргатай Жаргалантын хамтрал тус тус байгуулагджээ. Гэвч эдгээр хамтралын гишүүд тэр бүр сайн дураар нэгдээгүй, хамтын аж ахуй давуу талыг төдийлөн ойлгоогүй, зохион байгуулалтын хувьд хангалтгүй байсны улмаас 1930 оны сүүлчээр тарсан байна. Гучаад онд төрөөс лам нарыг хар болгох, нийгмийн тустай хөдөлмөрт шилжүүлэх ажлыг хүчтэй дэмжиж байв. 1938 оны 1-р сард Сайд нарын Зөвлөл, ядуу лам нарын нэгдэл байгуулах тухай тогтоол гаргажээ. Баян-Агт сумын захиргаа 1938 оны эхээр Баян-агт сумын Балиг, Нарангийн хүрээнд сууж байсан лам нарын саналыг дэмжиж 20 гаруй лам нарын бүрэлдэхүүнтэй гар үйлдвэрлэлийн артель байгуулсан байна. Энэ артель гэрийн мод, гэр ахуйн модон эдлэл, үхэр тэрэг, гутал, хувцас зэрэг нилээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ард олны өргөн хэрэгцээг хангадаг болсон байна. Ядуу лам нараар бүрдсэн артель байгуулсан нь Баян-агт суманд хоршооллын хөдөлгөөн шинээр өрнөх эхлэл болсон байна. МАХН-ын Төв Хорооны 1953 оны 3-р сарын бүгд хурлаар ардын үйлдвэрлэлийн нэгдэл байгуулах хөдөлгөөн санаачилгыг дэмжиж ардын үйлдвэрлэлийн нэгдлүүдийг байгуулах, тэднийг аж ахуй, зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх шийдвэр гаргасныг тус сумын малчид хөдөлмөрчид ойлгон хүлээн авч нэгдэл байгуулах хөдөлгөөнийг өрнүүлэв. МАХН-ын гишүүн Д.Сандуйжав, П.Нямдондов, Жүгдэр нар энэ ажлыг санаачилж нэгдэл байгуулах саналтай хүмүүсийг зохион байгуулан 1955 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр сумын төвд хуралдаж, анхны нэгдэл байгуулсан байна. Нэгдэл байгуулах хуралд 27 өрхийн 31 хүн оролцож, нэгдлийн ерөнхий хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нэгдлээ “Их ирээдүй” гэж нэрлэв. Нэгдлийн даргаар Дамбын Сандуйжав, нягтлан бодогчоор Жамъянжавын Жүгдэр нарыг сонгож, ардын үйлдвэрийн нэгдэл байгуулах тухай тогтоол гаргажээ. Тэрхүү шийдвэрээ сумын ХДХ-ын гүйцэтгэх захиргаагаар уламжлан, аймгийн ХДХ-ын гүйцэтгэх захиргаанд бүртгүүлж, улмаар 5 дугаар сарын 15-наас ажил үйлдвэрлэлээ явуулж эхэлжээ. Нэгдлийн гишүүд дундын хөрөнгөнд 1800 төгрөг, 1200 толгой мал, 10 гаруй модон тэрэг, 10-аад модон ба төмөр анжис нийгэмчилжээ. Тэд жин тээвэр хийж газар тариалан эрхлэх болжээ. Төр засгаас нэгдлүүдийг аж ахуй, зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх талаар их анхаарч, улсаас урт богино хугацаатай зээл олгох, улсын бэлтгэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлсэн нэгдлүүдэд хөнгөлөлттэй үнээр авто машин олгох зэрэг арга хэмжээ авч байв. “Их ирээдүй” нэгдэл 1956 онд улсад тушаах бүтээгдэхүүний төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, хөнгөлөлттэй үнээр Газ-51 машин худалдан авч, нэгдлийн бүх тээврийг 10 гаруй ердийн хөсөг, 1 машинаар гүйцэтгэх болов. Богино хугацааны дотор тус нэгдэл аж ахуй, зохион байгуулалтын хувьд бэхжиж, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлдэг 14,4 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 5,6 сая төгрөгийн мөнгөн орлоготой аж ахуй болон хувирчээ. Мөн 50 гаруй мянган толгой мал, 6,2 мянган га эргэлтийн талбайтай, жилд дунджаар 6 сая төгрөгийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэж, аж ахуйн дүнгээр 2 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. “Их ирээдүй” нэгдлийн нэг гишүүний дундаж орлого 4 гаруй төгрөгт хүрэв. 1963-1990он хүртэл газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх жилд дунджаар 3800 га-д үр тариа, 10 га-д төмс хүнсний ногоо тариалж, байгалийн хадлан 600.0 тонн бэлтгэж бог мал 2 ээлж, бод мал 1,6 ээлжийн хашаагаар, гүн уурхайн 13, богино яндант, бетон цорготой 53 худагтай болсноор бүх мал жилийн 4 улиралд усаар хангагдаж мал аж ахуйн материаллаг бааз бэхжижээ. 1980-1990-ээд оны оны зааг дээр “Их ирээдүй” нэгдэлд 100-150 мянган төгрөгийн барилга угсралтын ажил эрхэлдэг, барилгын байнгын бригад, жилд 1000 тонн малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтайтэжээлийн цех, 10 тракторын засварын газар ажиллаж байв. Мөн туслах аж ахуй хөгжүүлж, зохих хэмжээний ашиг орлого олж байв. 1990-ээд оны эхнээс манай орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, ХААН-ийн өмчийг хувьчилснаар хуучин нэгдлийн суурин дээр газар тариалангийн бүрэн хариуцлагатай компани, жуучлан үйлчлэх чиглэлтэй бүрэн бус хариуцлагатай компаниуд байгуулагдан ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%