Уул, ус, цаг уур, байгалийн баялаг Баян-Агт сум аймгийнхаа нутгийн баруун хойд хэсэгт байдаг. Сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 480 км, аймгийн төвөөс 150 км алслагдсан. Тус сум баруун өмнө болон баруун талаараа Архангай аймгийн Хайрхан, Цэцэрлэг, баруун хойд болон хойд талаараа Хөвсгөл аймгийн Рашаант, Их-Уул, Тариалан сумуудтай хил залган, зүүн ба өмнө талаараа өөрийн аймгийн Хутаг-Өндөр, Сайхан сумуудтай хаяа нийлэн оршидог.
Баян-Агт сум уул, тал хосолсон 307970 ам дөрвөлж нутагтай. Үүнээс 73391.8 га нь ой хөвч,төв хэсэг нь далайн түвшнээс 1200 метр өндөр өргөгдсөн, бүхэлдээ ойт хээрийн бүсэд хамаарагддаг. Цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай, агаарын дулааны туйл +31 хэм, хүйтний туйл -41 хэм хүрдэг.
Байгалийн нөхцөл байдлаараа уул, ус, ургамал, ногоо жигдэрсэн тэгш сайхан нутаг. Хойд талаараа Хөвсгөл, Намнан, Их, Бага Агт, Дулаан хан, Баянзүрх, Баянхайрхан, Сүүж, Бүрхээр зэрэг сүрлэг өндөр уул нуруудтай. Сумын төвийн баруун хойд талын уулыг Их Агт гэх бөгөөд дээрээ жижиг нуур тогтоол устай. Бага Агт нь Шаргын нуурын зүүн талд оршдог. Алдуул мал хэзээний л тэдгээр ууланд очоод хурчихдаг. Ялангуяа адуу Их, Бага Агт руу онцгой тэмүүлдэг. Иймээс нутгийн ардууд хос сайхан ууландаа Агт хэмээх нэр хайрлажээ.
Баян цагаан Их агтын овоон дээр гарч дөрвөн зүг, найман зовхист хараа сунгахад Халхын таван хошууны нутаг- одоогийн Архангай аймгийн Хайрхан, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Хөвсгөл аймгийн Рашаант, Тариалан, Булган аймгийн Сайхан, Хутаг сумдын нутгийн зах зухыг харж болно. Их Агт хойшоо хараад хэвтэж буй зааны дүрсийг санагдуулна.
Хоёр Агтын дунд Шийр буюу Дашдэндэв гэдэг уул байдаг. Өвөг дээдэс Шийр уулыг нутгийнхаа хамаг буян хишгийг гадагш алдахаас хааж хамгаалж байдаг гэж шүтэн биширч, номын даллага аван Дашдэндэв (монголоор өлзий үнэн бүтэх гэсэн үг) хэмээх бэлэг дэмбэрэлтэй нэр өргөмжилжээ. Энэ даллагаар Агт уулыг Баян-Агт хэмээн цоллосон юм гэнэлээ хэмээн тус сумын унаган иргэн өндөр настан Г.Рэнсоном гуай хуучилсан юм. 1991 онд тус уулын тахилгыг сэргээсэн байна.
Тус суманд Хануй, Сэлэнгийн бэлчир, Хануй балигийн бэлчир,Отгон настын даваа, Хамар, Өвгөнтийн даваа зэрэг байгалийн үзэсгэлэн төгс газрууд байдаг. Мөн Сэнжит, Хүүш, Хэрдэг, Мужин, бөмбөгөр зэрэг томхон агуйнууд бий. Эдгээр агуйнууд 5-10 метр шахам үргэлжилдэг, дотроо том гэрийн буурьны хэртэй зайтай, хүнхэр ажээ.
Ойт хээрийн бүс гэхэд Баян-агт нутгийг харьцангуй олон нуурын орон гэж хэлж болно. Шарга, Цэгээн, Хаг, Бага нуур гээд олон сайхан нуурууд тус сумын нутагт бий. Эдгээр нуурууд хоорондоо хүйн холбоотой гэлцдэг. Цэгээн нуурт орсон холбоотой хоёр даага Шаргын нуураар гарсан хэмээн домоглон хэлэлцдэг. Нутгийн хөгшчүүл: Цэгээн нуур зуны эхэн сарын шинийн гурванд баринтаг тайлдаг (мөс унах), харин Шаргын нуурын мөс шинийн найманд живдэг гэж ярилцдаг. Шаргын нуурын мөс түрүүлж унах юм бол цаг агаар тэр жилдээ тааламжгүй болдог, харин Цэгээн нуур баринтагаа түрүүлж тайлвал цаг агаар зохистой байдгийг нутгийн хүмүүс олон жилийн ажиглалтаасаа олж мэджээ.
Бидэрьяатан давалгаалах цэнгэг уст нуураараа хүн ард нь бахархаж, шүлэг найраг, ая дуундаа магтан түрж иржээ. Нутгийнхан С.Балганы шүлэг, Ч.Лхагваагийн хөгжим “Шаргын нуур” хэмээх дууг аялгуулан дуулах дуртай.
Эл дуунд:
Шаргын нуурын усанд
Нүүдлийн шувууд зугаацна даа
Шаргал тарианы ургац нь
Түмэн биднийг баярлуулна даа
Уургаа бариад мордоорой
Унагаа зэллээд уяарай
Айргаа исгээд сөгнөөрэй
Ах дүү нартаа бариарай
Нуурын ус нь тунгалаг даа
Нутгийн хүмүүс олондоо
Намайг чамтай суухад
Найз нөхөд минь ерөөнө дөө
хэмээн дуулдаг.
Тус сумын 1-р багийн нутагт Шарга, Цэгээн хоёр алсавтар зэргэлдээ боловч, хөтөл уулаар зааглагдан оршдог. Эдгээр нууруудад хаврын улиралд хун, галуу нугас зэрэг усны шувууд айлчлан ирж, намар цагт зэллэн ганганалдан найрал хөгжим бүхэл бүрэлдэхүүнээрээ хөг аялгуу нийлэх мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Тус сумын нутгаар Сэлэнгэ, Хануй, Балиг, Баянгол, Халтар, Цагаан гол зэрэг тунгалаг уст мөрнүүд урсан өнгөрдөг. Бас олон голын сав нутаг ч гэж хэлж болно. Сумын нутгийн хойд хэсгээр 70-250 метр өргөн, 4-5 метр гүн Сэлэнгэ мөрөн урсан өнгөрч, алс Байгаль далайг зорин мяралзана. Мөн Хангайн нуруунаас эх авч нийт 421км урсаж Сэлэнгэ мөрөнд цутгадаг Хануйн голын адаг тус сумын нутагт хамаардаг. Голын өргөн дээд хэсэгтээ 5-35 метр байхад адаг хэсэгтээ 40-110 метр хүрдэг байна. Хануй бол гүн нь 0,5-2,2 метр, урсгалын хурд нь 0,5-3,5 м/сек уулын түргэн урсгалт гол бөлгөө.
Хануйн голын сав газар нь хүн малд идээшилтэй, өгөөж баян нутаг. Сэлэнгэ, Хануйн гол бол загасаар баялаг. Энэ тухай нутгийн унаган иргэн Ө.Чойжилсүрэн гуай: “Сэлэнгэ бол загас маш ихтэй байсан. Одоо ч байгаа. Том том тул элбэг. Намайг бага залуу байхад Тулын тохой гээд хүрэн дэнжийн доод талд том цээл ус байх. Эргээр хараад явахад нэлэнхүйдээ хавтгайдаа загас бүрхсэн, усны ёроол, чулуу нь ер харагдахааргүй байдаг байсан” хэмээн ярьсан юм.Нутгийн ардууд загасыг бага сага хүнсэнд хэрэглэдэг.
Баян-Агт суманд Цагаан голын, Хануйн, Бага нуурын, Далайн булагийн хужиртын гээд олон сайхан рашаан булаг бий. Ялангуяа Хануй, Цагаан голын рашаан мэдрэлийн болон элэг цөсний өвчнийг анагаах чадлаараа нэрд гарчээ. Тухайлбал, Хануйн голын гүүрийн ойролцоо төрөл бүрийн өвчнийг анагаах 108 төрлийн рашаан байдаг. Голын хөвөө хүрмээ даган (нэг захаас нөгөөг хүртэл 500 орчим метр зайтай) байрласан эдгээр рашаан нь хүний эрхтэн бүхэнд таарч тохирсон байдаг нь гайхалтай. Зөвхөн чих гэхэд л баруун зүүн чихнийх гэж тусдаа рашаан байдаг. Энэ рашаанд нутаг усныхан төдийгүй, алс хол аймаг, хот, сумаас хүмүүс ирж рашаан уснаас хүртэж өвчин эмгэгээсээ салж эдгэрэн явдаг юм. Хануйн рашааныг түшиглэн аймгийн боловсролын байгууллага “Багш” нэртэй амралтын газар байгуулан ажиллуулж байна.
Баян-Агт ан амьтан, араатан жигүүртэн сүрэглэж, ургамал ногоо жигдэрсэн өгөөмөр баян нутаг. Сүрлэг сайхан хангайд нь халиун буга, согоо, халтар гахай, бор гөрөөс, хүдэр чөлөөтэй орогнон, ойн зах, хад бартаа, өргөн уудам хөндий талаар нь үнэг, чоно, шилүүс, хярс, хэрэм, тарвага, зурам, дорго мануул зэрэг төрөл бүрийн ан амьтан элбэгтэй. Хун, галуу, тоодог мэт жигүүртэн ганганалдан нисэх нь нүдэнд чимэгтэй, чихэнд сонсголонтой.
Баян-Агт сум бол малын бэлчээрийн зэрэглэлээр улсын хэмжээнд нэгдүгээр ангилалд багтдаг төдийгүй ургамалын шимт чанараар өгөөж буян нутаг. Ургамал ногоо нь таван хошуу малд нэн идээшилтэй. Түүнээс гадна чихэр өвс , бамбайн үндэс, алт, мөнгөн гануур, дэгд, сөд, зэрэг эмийн ховор ургамалууд ургана. Нутгийн баруун хэсгийн Зуунмод, Халиуны энгэрийн бага шиг хэмжээний газарт “Заан хүж” хэмээх эмийн тун ховор ургамал ургадаг. Энэ ургамлыг Ясны шөлөнд хандлаад хаван, бөөрний өвчинд уудаг. Мөн заан хүжийн хандыг малын шарх, хөнгөлсөн малын засаанд түрхэхэд амархан эдгэрдэг байна.
Тус сумын нутаг шохойн чулуу, шороон будаг, боржин, цахиур чулуун, хүрмэн чулуу мэтийн барилгын материал, урлал чимэглэлийн зүйлээр баялаг юм.
\Эхийг Булган аймгийн Баян-Агт сум түүхийн хураангуй. УБ-1995 он\
БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА