БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ, ТҮҮНИЙ ХОР ХОЛБОГДОЛ

2015-04-01

Хэлмэгдүүлэлт гэдэг үгийг “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д хүнийг хилс хэргээр гүтгэж, бие махбод, сэтгэл санааны зовлонд унагахгэсэн утга бүхий үгийн үйлийн үр дүнг заасан нэр, хүнийг элдэв зүйлээр хяхан, хилс хэрэгт гүйтгэх үйл явц хэмээн тайлбарлажээ.

            Улс төрийн болон үндсэн угсааны зэрэг олон шалтгаанаар нийгмийн гишүүдээ хэлмэгдүүлж хохироож байсан үзэгдэл дэлхийн улс орнуудад гарсаар ирсэн бөгөөд энэ нь XX зуунд ч хамрагдах ажээ. Фашистын Герман улс хүмүүсийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах үзлийг хөөрөгдөж, еврей нарыг үндэстний хувьд хавчин мөрдөж, алж усгаж байв. АНУ 1945 онд Японтой дайтахдаа өөрийн орны япон гаралтай иргэдээ баривчлан хорьсон ажээ. ЗХУ-д өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн уршгаар гэм зэмгүй олон арван сая хүн хэлмэгдэж хохирчээ. Хятад улсад жар, далаад онд өрнөсөн соёлын хувьсгалын үед олон сая хүн хэлмэгдсэн билээ.

            XX зуунд Зөвлөлт Холбоот Улсын дагуул байдалтай оршиж байсан Монгол орон улс төрийн хэлмэгдүүлэлтийн хар шуурганд бас өртөж, Монголын 30 гаруй мянган иргэд хэлмэгдсэн юм.

            Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтэд гадаад учир шалгаан шийдвэрлэх үүрэгтэй баяв. Монголын орныг Зөвлөлтийн бүрэн хараат улс болгож, ЗХУ болон Хятадын хооронд халхавч байдалтайгаар нэр төдий оршин тогтнуулах талаар ЗХУ-ын удирдлагаас явуулсан гео-улс төрийн бодлого нь Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн үндэс болсон юм. Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт бол ЗХУ-аас Монголд экспортолсон үйл явц байжээ. Хэлмэгдүүлэлт Монголын нийгмийн бүх давхаргыг хамарч, түүнд нам төрийн удирдах зүтгэлтэн, цэргийн дарга нар, тайж ноёд, жирийн иргэд өртжээ.

            1937 оны аравдугаар сарын 2-ны өдөр байгуулагдсан Х.Чойбалсан даргатай Онцгой Бүрэн Эрхт Комисс хэмээх шүүхээс гадуурх байгууллага 1939 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртлэх хугацаанд бүгд 50 удаа хуралдаж, улс төрийн хэрэгт баривчлагдсан 25824 хүнийг хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул хэмээх хэргээр таслан шийдвэрлэснээс 20474 хүнийг буудан алах, 5103 хүнийг 10 жил, 240 хүнийг 10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэжээ. Бүгд 17 мянга орчим лам хувраг шийтгэгдсэнээс 14000 гаруйг нь шууд буудан хороосон байна.

            1950-иад оноос 1980-аад оныг хүртэл үргэлжилсэн улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед хүмүүсийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, олон ургальч үзэл санааг хаан боогдуулах, тэдний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлаж, “Сэхээтний төөрөгдөл”, “Намын эсрэг бүлэг”, “Монгол Зөвлөлийн найрамдлын эсрэг” гэх мэт элдэв нэр хаяг өгч, нутаг заан суулгах хүнд нөхцөлд ажиллуулах, захиргааны элдэв аргаар хяхах зэргээр гадуурхан хэлмэгдүүлж байсан билээ.

            Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн үйл явц, хэрэгжсэн арга гарсан үр дагавар нь тухайн түүхэн цаг үеийн байдлаас шалтгаалж өөр өөрийн гэсэн онцлогтой байсан ажээ. 1922-1940-өөд он хүртлэх хугацаанд Монголд өрнөсөн хэлмэгдүүлэх ажиллагаанд гол төлөв бие хүний нь хувьд устгах, олон жилээр гянданд хорих хэлбэр давамгайлж байсан бол 1950-1980-аад онд хүмүүсийн хууль ёсны эрх, эрх чөлөөг хязгаарлах, сэтгэл санааны дарамт учруулах, нэр хүндийг нь гутаах, ажил албан тушаалаас нь хууль бусаар халах, нутаг заан суулгах зэргээр зүйл бүрээр хяхан хавчих явдал түгээмэл байжээ.

            1930- аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн уршгаар Монгол оронд хэрэгжиж байсан хөгжлийн хувьслын зарчим алдагдаж, ард түмний эрх ашигтай яв цав нийцэж байсан ардчилсан шинжтэй өөрчлөлт гажуудан, Монгол Улсын зөвлөлт хэв маягийн социалист нийгмэ байгуулах туршилтын талбар болон хувирчээ.


            Улс төрийн их хэлмэгдүүлэлтийн уршгаар БНМАУ-ын хууль тогтоох дээд байгууллага Улсын Бага Хурал, эрх баригч МАХН-ын удирдах байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулах, бүрэлдэхүүнгүй болтлоо хядлагад өртөж, Монгол оронд улс төрийн авторитари, тоталитари дэглэм хуваарьгүй ноёрхох болсон юм. Зах зээлийг баримжаалсан эдийн засгийн хөгжлийн явц тасалдаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр улс орны хөгжил яваанадаа удаашрахад хүрчээ.

            Монголын 30 гаруй мянган эр хүн хэлмэгдэлд өртсөн нь тус улсын хүн амын хүйсийн харьцаа, хүн амын нөхөн үржихүйд сөрөг үр дагавар учруулжээ. Шинээр үүссэн сэхээтний давхраа хүнд цохилтод өртсөнөөс түүнийг дахин бэлтгэх шаардлагатай болсон юм. Монголын түүх, соёл, уран барилгын асар их ололт, хэдэн зууны турш бүтээн туурвисан соёлын их өв сүйрэлд автаж, Монголын нийгмийн оюун санааны амьдрал, шашин суртахуун, уламжлалт зан заншилд асар их гарз хохирол учирсан байна.

            Үндэсний уламжлал, өв соёлын залгамжлалыг үгүйсгэн тасалдуулж, үндэс язгуураа гэсэн эх оронч үзэл санааг “Үндсэрхэг үзэл” хэмээн хавчин хяхаж, шударга зарчимт шүүмжлэл, бүтээлч санал, санаачилга гаргагчдад “Сэхээтний төөрөгдөл” гэх мэт нэр хаяг оноон хэлмэгдүүлж, олон ургальч үзэл, чөлөөт сэтгэлгээг хязгаарлан боогдуулж байсны улмаас хүн амын дунд идэвхгүй, үлбэгэр дорой байдал, бэлэнчлэх сэтгэлгээ төлөвшихэд хүрчээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5718
4259 / 74%
914 / 16%
265 / 5%
280 / 5%