БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХЫН УТГА УЧИР

2015-04-01

Иргэддээ хилс хэрэг тулган шийтгэсэн үйлдлийг илчлэх, улс төрийн талаар хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээх талаар Монголын төрөөс арга хэмжээ авсаар иржээ. “Лхүмбийн хэрэг” гэгчид холбогдон хилс шийтгэл хүлээсэн зарим хүмүүсийг 1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойн баярын үеэр шоронгоос сулласан нь хэлмэгдсэн хүмүүсийн нэр төрийг сэргээх гэсэн анхны оролдлого байв. Улс төрийн хэргээр шийтгэгдсэн хүмүүсийн асуудлыг хянан үзэх талаар ИАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаас 1939 оны 4 дүгээр сард гаргасан шийдвэрийн дагуу Дотоод Явдлын Яамны дэргэдэх Тусгай Комисс 1939-1945 онд 2300 гаруй хүнд холбогдох хэргийг дахин шалгаж, хэрэгсэхгүй болгосон нь улс төрийн талаар хэлмэгдэгсдийг цагатагах үйлсэд чухал алхам болжээ.

            1952 онд Х.Чойбалсан, 1953 онд И.В.Сталин нас барснаар БНМАУ-д нэг хүний дарангуйллын дэглэм сарниж, улс төрийн уур амьсгал харьцангуй зөөлрөн хамтын удирдлагын зарчим сэргэж эхэлсэн тэр үед МАХН-ын удирдлагын зүгээс 1930-1940-өөд оны нийтийг хамарсан баривчилгаа, залхаан цээрлүүлэлтийн хор уршгийг арилгах асуудлыг хөндөж, зарим нэгэн бүлэг хэргийг хянан үзэх санаачилга гаргаж байв. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1955 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хурлаа “Порт Артурын хэрэг” гэгчийг шалгасан комиссын илтгэлийг хэлэлцээд түүнд холбогдож шийтгэгдсэн хүмүүсийг суллах, мөрдөн байцаалтад хууль бус арга хэрэглэхийг зөвшөөрсөн өмнөх үеийн шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авчээ.

            И. Сталиныг тахин шүтэж байсныг илчлэн шүүмжилсэн ЗХУКН-ын XX Их Хурлын шууд нөлөөний дор 1956 оны 4 дүгээр сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны IV бүгд хурал нэг хүнийг тахин шүтсэний улмаас хувьсгалт хуулийг зөрчиж байсан явдлыг нарийвчлан шалгаж илрүүлэх шийдвэр гаргасан юм. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1956 оны 4 дүгээр сарын 21-ний тогтоолоор улс төрийн зарим хэргийг хянан үзэх комисс байгуулсан бөгөөд тус комисс ДЯЯ-наас 1932-1947 онд шийдвэрлэсэн гол хэргүүдтэй танилцаж, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан Б.Баасанжав нарын зэрэг 1940-өөд оны эхээр хэлмэгдсэн 36 хүнийг цагаатгасан байна.

            1957 оны 7 дугаар сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлын шийдвэрээр Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд шинэчилэн байгуулагдсан Цагаатгах ажлыг эрхлэх комисс 1937-1947 онд Дотоод Яамны үйл ажиллагаанд гарсан завхарлын асуудлыг нарийвчлан шалгаж, 1930-аад онд хилс хэрэгт ял шийтгүүлсэн 294 хүнийг цагаатгажээ. Гэвч энэ комисс хүмүүсийг ангийн харъяалалаар нь ялгаварлах өрөөсгөл хандлага баримтлаж тайж ноёд, түшмэд, лам нарын хэргийг шалган цагаатгахаас түдгэлзсэн байна.

ЗХУ-д улс төрийн хилч хэргээр шийтгэгдсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амар, П.Гэндэн, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, орлогч дарга Д.Лосол зэрэг нам, төрийн зүтгэлтэн, цэргийн дарга 32 хүний хэргийг 1956-1960 онд ЗСБНХУ-ын Дээд Шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгон цагаатгасан боловч тэр тухай мэдэгдэл, тодорхойлолтыг Монгол улсад ирүүлээгүй байна. Харин БНМАУ-ын Прокурорын газраас Зөвлөлтийн эрх бүхий байгууллагуудад албан ёсны хүсэлт тавьсаны дагуу А.Амар, П.Гэндэн, Д.Догсом, Д.Лосол, Д.Лувсаншарав нарыг цагаатгасан тухай “маш нууц” мэдэгдлийг тус улсаас 1960 онд ирүүлжээ. Энэ мэдэгдлийг үндэслэн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын тогтоолоор дээрхи хүмүүсийг “Хувьсгалын эсэргүү” хэрэгт холбогдолгүй болгон цагаатгажээ.

            Х.Чойбалсанг тахин шүтсэний хор уршгийг арилгах шийдвэрийг 1962 онд хуралдсан МАХН-ын Төв Хорооны II бүгд хурлаас дахин гаргасан боловч улс төрийн хэлмэгдүүлэлтэд биечлэн оролцсон хүмүүс нам, төрийн удирдлагад хэвээр байсан нь цагаатгалын ажлын явц, өрнөлтөд сөргөөр нөлөөлсөн юм. 1962 оны 2 дугаар сарын 8-нд хуралдсан МАХН-ын Улс төрийн Товчооны хурал Цагаатгах ажлыг эрхлэх комиссын ажил дууссан гэж дүгнээд түүнийг татан буулгаж, ажил үүргийг нь Улсын Дээд Шүүх болон НАХЯ-нд шилжүүлсэн байна. Энэ үеэс хойш хэлмэгдэгсдийг цагаатгах ажлын явц, далайц ихээхэн суларчээ.

            БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зарлигаар Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комиссыг байгуулснаар улс төрийн хэрэгт шийтгэгдэгсдийн хэргийг шалгах, хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагаа эрс идэвхижсэн юм. Улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн 30 мянга гаруй хүн одоогийн байдлаар цагаатгагдаад байна. Хэлмэгдэгсдэд учирсан хохирлыг барагдуулах, нэр төрийг сэргээн сурталчилах, дурсгалыг мөнхжүүлэх асуудалд Монголын төр онцгой анхаарч ирэв. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей (1996 он), дурсгалын хөшөө (1997 он) тус тус байгуулагдсан ба нийтийг хамарсан их баривчилгаа эхэлсэн 1937 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг 1996 онд “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” болгон хуульчилснаар жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд хэлмэгдэгсдийг бүх нийтээрээ дурсч, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтов.

            “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийг 1998 оны эхэнд Монгол Улсын Их Хурал батлан гаргажээ. Улс төрийн хэлмэгдэгсдийн хохирлыг барагдуулах зорилгоор 1998 оноос хэлмэгдэгч болон түүний ар гэрт 500 мянга болон 1 сая төгрөгийн цагаатгалын нөхөн олговор, буцалтгүй тэтгэмж олгож байна.

            “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийг 1998 оны эхэнд Монгол Улсын Их Хурал батлан гаргажээ. Улс төрийн хэлмэгдэгсдийн хохирлыг барагдуулах зорилгоор 1998 оноос хэлмэгдэгч болон түүний ар гэрт 500 мянга болон 1 сая төгрөгийн цагаатгалын нөхөх олговор олгож байна. Одоогоор 18036 хэлмэгдэгчид 16 тэрбум 247,4 сая төгрөгийн нэг удаагийн нөхөх олговрыг олгосон бөгөөд бас нас барсан, цаазлагдсан хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүлийн хүнд гэр хашаа, орон сууц худалдаж авахад нь зориулж тодорхой хэмжээний буцалтгүй тэтгэмж олгоод байна.

            Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвөөс улс төрийн хэлмэгдүүлэлтийн учир шалтгаан, хор уршиг, үр дагаварыг тусгасан 70-аад ном, товхимол, эмхтгэл, баримтат кино гаргаж, эрдэм шинжилгээний олон хурал зохион байгуулснаас гадна улс төрийн хэлмэгдэгсдийн намтрыг цуврал 17 боть болгон хэдэн мянган хувиар хэвлүүлж, Монгол орон даяар түгээсэн бөгөөд энэ ажил цаашид л үргэжилнэ. Хэлмэгдэгсдийг цагаатгах, нэр төрийг сэргээн сурталчилах, дурсгалыг мөнхжүүлэх ажилд Салбар комиссууд, Монгол Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий Прокурорын Газар, Тагнуулын Ерөнхий Газар, Үндэсний Төв Архив чухал үүрэг гүйцэтгэсээр ирснийг тэмдэглэх нь зүйтэй. Улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах, хэлмэгдүүлэлтийн асуудлыг нягтлан судлахын учир утга нь улс төрийн хэлмэгдүүлэлтийг дахин гаргуулахгүй байхад оршино.




                                                          БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5718
4259 / 74%
914 / 16%
265 / 5%
280 / 5%