БАЯН-АГТ СУМ

БАЯН-АГТ СУМ

99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ 99 ЖИЛИЙН ТҮҮХТ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОДОНТ БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

ХАНУЙН БҮЛЭГ РАШААНЫ СУДЛАГДСАН БАЙДАЛ

1990-1992 онд Геологийн төв лабораторийн эрдэмтэн судлаачид Хануйн бүлэг рашааны уснаас дээж авч шинжлээд зогсоогүй тэр орчны геологийн болон чулуулаг, хөрс, ургамлын бүтцүүдийг нарийвчлан шинжлэн судлаж эрдэс бодис, химийн элементүүдийг тус бүрт нь тодорхойлж, хоорондын харилцаа холбоог геологи, биологи талаас нь илэрхийлж тайлбарлах оролдлого хийсэн нь үр дүнтэй болж хануйн рашаанд 50 гаруй элемент байгааг тоон утгаар нь тодорхойлон гаргасны дээр рашааны орчмын чулуу, хөрсөнд хийсэн шинжилгээгээр 29 төрлийн, хүрмэн чулуу хорголжийн химийн найрлаганд хийсэн шинжилгээгээр 71 төрлийн химийн бодисуудыг илрүүлж, найрлагад эзлэх хувийг жингээр илэрхийлсэн байна. Эдгээр шинжилгээгээр рашааны найрлага чанар нь түүний тогтсон орчны чулуулаг, хөрс, ус ургамлын найрлагаас хамааралтай тухай дүгнэлтүүдийг гаргажээ.

            Рашаанд орчмын ургамал, амьтан, хөрс, чулуулаг, агаарын найрлага дахь элдэв бодис янз бүрийн хэмжээгээр орсон байдаг бөгөөд энэ нь уг рашааны эмийн чанарыг үүсгэн бүрдүүлдэг ажээ. Рашааны орчмын хөрс, ургамлын үнсэнд тооны хувьд адил буюу ойролцоо 40 орчим элемент тодорхойлогджээ. Энэ бол химийн элементүүд хөрснөөс усанд, уснаас ургамалд, уснаас хөрсөнд, хөрснөөс ургамалд шингээгдэх, шингэх байдлаар очиж урган амьдрах, оршин тогтнох замаар эмт чанар үүсгэх нөхцөл болдог байна. 

            Шинжилгээнд ашигласан багаж хэрэгсэл, оншлуур бодис, шинжилгээний арга зүйн тухайн үеийн бололцооноос шалтгаалаад рашаан усанд маш бага хэмжээтэй агуулагдаж байгаа, илрүүлж  чадаагүй элементүүд олон бий гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Рашааны найрлагад хэдийгээр өчүүхэн бага хэмжээтэй агуулагдаж байгаа боловч найрлага бүтцэд орсноороо хүний биед нөлөө үзүүлж чадах нь эргэлзээгүй юм. Рашаан усанд болон түүний дүүргийн хөрс, ургамал, чулуулагт төмөр, алт, уран, кабольт, манган, цайр, зэс, молибден, никель, мөнгө, цахиур, титан, кальци, кали, натри, фосфор, магни, хүхэр, фтор, стронци, кадми, селен, лити, цези, ради, бари, рубиди, азот, хүчилтөрөгч, устөрөгч, хлор, сүүмэг гэх мэт 70 гаруй элементүүдийн тархалт илэрч байгаа          нь рашаанаар дамжин хүний бие цогцос, эрүүл мэндэд шаардлагатай байгаа элементүүдийг нөхөх эх сурвалж болох өргөн бололцоог бүрдүүлсэн байна.

            Элемент тус бүрийн болон тэдгээрийн холимог найрлагын хамтын үйлчилгээ нь рашаан усны эмт чанарын илэрхийлэл болдог. Хануйн рашааны хувьд ч биогеохимийн ерөнхий зүй тогтол нь түүнд ууссан элементүүд, тэдгээрийн хам нэгдлүүдийн нөлөөлөл болон рашаан ус, түүний орчин хоёрын хоорондох химийн элементүүдийн зөөгдөл, нүүдлээр  тайлбарлагдаж байна.

Геологийн төвд лабораторийн эрдэмтэн судлаач Ц.Санжмятав, Д.Жанцан нар Хануйн рашаанд хийсэн судалгааныхаа тайлангийн хоёрдугаар хэсэгт хийсэн дүгнэлтийг толилуулъя.

Тэнд “Хануйн  бүлэг рашааныг газарзүй, уур амьсгал, ус зүй, хувилахуйн ухаан, амин хувилахуй, газар хувилахуй, амин-газар хувилахуй, амин зүй, нян зүй, ус хувилахуй, шавар, хөрс, чулуулаг, ургамлын гэсэн ангиллаар шинжилгээ судалгаа, тооцоо хийж үзжээ. Ингэж ажиглалт шинжилгээ, судалгаа явуулсны үр дүнг боловсруулан байгалийн усны бодис зүй-хувилахуйн ухааны үндэслэлийг баримтлан Хануйн рашаан нь эрдэс хүдрээс тодорхой хэмжээгээр шингээсэн үлэмж язгуур нян зэргийг агуулж, тэдгээрийн цогц хэсгүүдээр нөхцөлдөн цэнэгжсэн байгалийн найраг хөлтэй амьд уусмаг, гайхалтай рашаан  юм. “ гэж томъёолоод “Энэхүү уудаг, ордог рашаан боло хүмүүсийн эс нэхдэс, эрхтэн махбодод үүссэн эмгэгийг илааршуулах үйлчилгээтэй шингэн болой “ гэж дүгнэсэн байна. Хануйн рашааны  талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх зорилгоор зарим онцлог шинжүүдийг судалгааны тайлангаас авч уншигч олондоо товч боловч тодруулан толилуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хануйн рашааны нэг онцлог бол исэлдэгч чанартай байдагт оршино. Шинжилгээ судалгааны дүнгээс харахад Хануйн голын усанд исэлдэн ангижрах чанар  илэрсэн тухай тэмдэглэгдээгүй байхад судалгаанд хамрагдсан 13 рашаанд Eh-нь +373,8-аас 478,8 МВ гарсан байна. Ер нь 250mV-ээс дээш Eh-тэй усыг геохимийн байдлаар исэлдэгч ус гэж үздэг. Мөн рашаанаас авсан дээжийг газар дээр нь шинжилсэн дүн, савлан зөөж лабораторид авч ирээд хийсэн шинжилгээний дүн ионы найрлагын хувьд ойролцоо гардаг боловч карбонат, гидрокарбонатын хэмжээ өөрчлөгдөж уг ус температурын өөрчлөлтөөс хамааран исэлддэг болох нь тогтоогдсон байна. Ингэхдээ рашааны усны температур нэмэгдэхэд орчин (PH)-нь шүлтлэгээс сул хүчиллэг, эсвэл сул хүчиллэгээс хүчиллэг талруугаа чиглэн өөрчлөгдөж байжээ.

Судалгаанд хамрагдсан рашаануудын ерөнхий эрдэсжилт (ионы нийлбэр) 287,1-404 мг/л-ийн  хооронд байнаа нь бүлэг рашаанууд бүхэлдээ бага эрдэсжилттэй, зөөлөн усны бүлэгт багтаж байна. Энэ нь рашаанууд уухад анхны байдлаараа л тохиромжтой, шингэцтэй байх гол нөхцөл болж өгдөг ажээ. Нөгөө талаар сул эрдэсжилттэй ус нь эрдэсжилтээрээ биш найрлагадаа анагаах чанартай бичил махбодсыг агуулсан байдал, илчвэр, цацраг, идэвхит  чанараараа ач тусаа өгдөг гэдгийг анхаарах ёстой.

Судлаачид рашааны эрдэсжилт ба хатуулгыг Хануйн голын усныхтай харьцуулах шинжилгээ хийж үзэхэд дараах дүн гарсан байна. Рашааны дээд талаас (Тэргэн олом орчмоос) Хануйн голын уснаас дээж авч үзэхэд ерөнхий эрдэсжилт нь 217,6 мг/л, хатуулаг нь 2,5 мг –экв/л байсан бол рашааны хөлөөс (Гүүрний орчмоос) авсан дээжинд ерөнхий эрдэсжилт нь 305,4 мг/л, хатуулаг нь 3,26 мг-экв/л болсон байна. Энэ нь рашаан Хануйн голд тодорхой хэмжээний химийн бодис нийлүүлжээ гэсэн хэрэг юм. Тодруулбал Хануйн голын усанд рашаан цутгахдаа ерөнхий эрдэсжилтийг нь 87,8 мг/л-ээр, хатуулаг нь 0,76 мг-экв/л-ээр нэмэгдүүлдэг байна. Хануйн голын ус Рашааны орчимд өвлийн ямарч хүйтэнд хөлддөггүй нэг шалтгаан нь ийнхүү эрдэсжилт ихэссэнтэй холбоотой ажээ.

Хануйн голын усан дахь сульфат ион рашаанаас дээшхи хэсэгт 0,8 мг/л, гүүрний орчимд 14,8 мг/л байсан бол рашаануудаас авсан дээжүүдэд сульфат ион 11,5-25,5 мг/л-ийн хооронд хэлбэлзсэн дүн гарчээ. Рашаан сульфат ион ихтэй байгаа нь орчны галт уулаас гаралтай чулуулгын химийн найрлагатай холбоотой. Мөн Хануйн рашаанд натрийн ион 12,6-31,0 мг/л-н хооронд байхад Хануйн голын усанд 5,3 мг/л байжээ. Ийнхүү Хануйн рашаанд натри, сульфатийн ион их байдаг нь алдарт глауберийн эмчилгээний давс үүсэх нөхцөл бүрдүүлдэг ажээ. Харин калийн ион рашаанд 2,34 мг/л байхад голын усанд 1,8 мг/л байжээ. Калийн ион их байгаа нь физиологийн шингэнийг зохицуулагч махбодыг бүрдүүлж рашааны эмчилгээний чанарын нэг үзүүлэлт болдог байна. Энэ рашаанд хлорт натрийн давс агуулагдаж байгаа нь цусны найрлагыг тогтмолжуулах, элдэв хордлого тайлах, эсийн амьдрах чадлыг дээшлүүлэх үйлчилгээг үзүүлэх бөгөөд рашаан бүтцэд байгаа кальци, гидрокарбонат, карбонат нь ясны бүтцийг сайжруулах, яс төлжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болох нь тодорхой юм.

Рашаанд цахиурын хүчил 4,81-5,07 мг/л агуулагдаж байгаа нь түүний чанарын тодорхой үзүүлэлтийн нэг юм. Энд  жишээ болгон авч байгаа дээр дурдагдсан шинжилгээний дүнгүүдийн цөөн тооны үзүүлэлтээс рашаанууд нь Хануйн голын уснаас ихээхэн ялгаатай, өөр төрлийн ус болох нь тодорхой харагдаж байна. Рашаан болон Хануйн голын усны шинжилгээний дүнг харьцуулан үзэж байгаагийн учир нь рашааны эмт чанарыг тодруулан харуулах л гэсэн хэрэг болой. Үүнээс гадна Хануйн рашаануудад хийсэн нян судлалын шинжилгээгээр гүнзгийрүүлэн судалж учир шалтгааныг нь олууштай нэг зүйл ажиглагддаг. Энэ нь Хануйн гол ба рашаануудаас хавар 5-р сард авсан дээжээс 1мл-т байх нянгийн тоо 18-75 байсан бол өвөл авсан дээжинд 2320-3320 байсан явдал юм. Байгалийн задгай ус хаврын цагт нянгийн бохирдол ихтэй байдаг атал Хануйн гол ба рашаануудад бага байгаа нь ямар хүчин зүйл бодис, орчноос шалтгаалж байна вэ? гэсэн асуудал гарч ирж байна. Мөн рашаан усанд байгаа нянгуудын дотор хүний бие, эрүүл мэндэд ашигтай ямар төрөл зүйлийн хэд хичнээн нян байна вэ? гэдгийг нарийвчлан судлах шаардлагатай гэж бодоход хүрдэг юм.

Хануйн рашааныг орчных нь байгаль өөрийнхөө гүнд цэнэгжүүлэн найрмаг уусмаг, сав шимийн хоршил болгон бүтээжээ. Хануйн рашаанууд биологийн идэвхтэй бодисуудыг сэдээхээс гадна уушиг, зүрх, элэг, цөс, бөөрний ажиллагааг идэвхижүүлж, судасны уян налархай чанар болон эд эсийн нөхөн төлжих ажиллагааг язгуур мах бодсын харьцаа болгон нь хүний бие эрхтэнд тус тусын өвөрмөц шинжтэй үйлчилгээ үзүүлдэг болой. Рашааны бүрэлдэхүүнд агуулагдаж байгаа калийн цэнэг зүрхний булчингийн ажиллагааг идэвхжүүлэх төдийгүй гэдсийг чангаруулж, хаванг шээсээр хөөх чадвар бий болгодог бол натрийн цэнэг нь усны солилцоонд ач холбогдолтой төдийгүй, тэдний оролцоогүй эд эс амьд биед үгүй тул бүхнийг сэргээх үйлчилгээ үзүүлдэг.

Кальцийн цэнэг нь үрэвслийг намжааж элдэв агшилт тавиулах үйлдэлтэйн гадна эсийн сийвэн, бөөм, эдийн шингэний дотор зайлшгүй байх махбодсын нэг бөгөөд бие махбодод илүүдсэн кали, натри, магни, хлорыг хөөж төмрийн солилцоог сайжруулахад чухал үүрэгтэй. Магнийн оролцоотойгоор исэлдэн ангижрах үйлдэл хэвийн явагдаж эсгэг (фермент)-ийн идэвхи, нуклейны хүчлийн үйлдэл сайжирдаг байна. Магни нь хүхэр хүчлийн цэнэгт ионы байдалд орвол цөс хөөх шидтэй болдог. Рашааны найрлага дахь төмөр цусны улаан цогцсыг бүтээхэд дэм болох агаад нүүрс ус, уураг, өөх тосны солилцоонд оролцоно. Нүүрс хүчлийн хүчиллэг цэнэгийн нөлөөгөөр ходоодны гастрит хэмээх даавар цочирч улмаар ходоод элэгний цусан хангамж нэмэгдэн шүүрэл ялгаруулах үйл ажиллагаа идэвхижинэ. Цахиурын агууламжтай рашаан үсийг бэхжүүлэх увидастай гэнэ. Цацраг идэвхит стронци, изотол бүхий бодис рашааны бүрэлдэхүүнд маш бага хэмжээтэй байгаа нь ч зарим өвчлөлд засал болон нөлөөлөх үндэстэй юм. Мөн манган агуулагдаж байдаг нь яс, мөгөөрсний эд эсэд үүссэн согогийг илааршуулах, цус төлжилтийг сайжруулахад нөлөөлдөг байна. Рашааны шинжилгээний дүнгээр Хануйн бүлэг рашаанууд бүгд цус тогтоох, шарх эдгээх чанартай болох нь тогтоогдсон байна.

Рашааны найрлага дахь шим бодис, бичил махбодсын нөлөөгөөр хүний биеийн дархлан хамгаалах үйл ажиллагаа идэвхиждэг байна. Геологийн төв лабораторийн судлаач эрдэмтэн Ц.Санжмятав, Д.Жанцан, О.Доржринчэн нар судалгааныхаа тайланд “Хануйн рашаан нь сул эрдэсжилттэй, нүүрсхүчлийн хүчиллэг, кальци, магни, натри, калийн агууламжтай, хүхэрлэг хүчил хлоридын найрлагатай сул хүчиллэгээс, сул шүлтлэг хүйтэн рашаан болно” гэж тодорхойлсон байна. Хануйн рашаан сул эрдэсжилттэйн дээр олон бичил махбод агуулсан, илчвэр цацраг идэвхит чанартай байгаа нь эмчилгээний чанарыг бүрдүүлж байна. Рашаанд фтор, сүүмэг, төмөр, зэс, цайр, манган, мөнгө, диц, алибин, ванади, молибден, хүнцэл, цахиур, стронци, циркони зэрэг бичил, махбод цэнэгийн дүрстэй агуулагдсан байдаг. Бичил махбодсыг био идэвхит гэж нэрлэдэг.

Монголын уламжлалт анагаах ухаанд Амьдруулагч, Хангагч, Цэнгүүлэгч, Сэтгэлийг тодорхойлогч, тунгалаг, тодорхой амтгүй боловч амтлаг, сэрүүн, хөнгөн гэсэн 8  шинжийг агуулсан усыг найман гишүүнтэй ус гэж үздэг бөгөөд заяаны байгалийн, цагийн, хиймэл гэж ангилдаг. Заяаны байгалийн найман гишүүнтэй усанд мод, шороо, өвс мэт янз бүрийн зүйлээр бохирдоогүй цэврээрээ байгаа хурын ус, рашаан уснуудыг хамруулж үздэг. Хануйн харзны болон эмгэн бүлгийн рашаанууд нь байгалиас заяасан байнгын тогтвортой найман гишүүнтэй ус юм.

Цагийн найман гишүүнтэй гэж Дансран-Рэша буюу усны хор гарсны дараах 7 хоногийн үеийн усыг хэлнэ. “Болор эрхэс”-д од саран бүрдэх үед авсан одны ус ба Рахийн усаар цусан хатгалга, халуун хатгалга, хямарсан халуун, цус цалгисан, судлын тулгуур халуун сарнисан зэргийг эдгэрүүлэхэд тустай гэсэн байдаг. Хиймэл найман гишүүнтэй гэж буцалгасан, ширгээсэн, нэрсэн усыг хэлдэг ажээ.


\Эхийг Ц. Санжмятав, О. Доржренчин, Д. Жанцан Булган аймгийн Баян-Агт сумын нутаг дахь Хануйн бүлэг рашааны шинжилгээ, судалгааны тайлан I,II,III дэвтэр 1991-1993 он, П. Мөнхбаатар С. Эрдэнэцогт Булган аймгийн рашаануудын химийн найрлага 2006 он, П. Дамба Хануйн олон рашаан 2013 он\





БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%